Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны
534 дүгээр тушаалын хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм” /цаашид “дүрэм” гэх/-ийн зорилго нь хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, захирах, захирагдах, ард түмэндээ үйлчлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх, мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчмуудыг гаалийн улсын байцаагч үйл ажиллагаандаа удирдлага болгон гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх, албан үүргээ биелүүлэхэд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоох, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.3. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь Гаалийн ариун шударга ёсны тухай Дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрмээр зохицуулагдана.
1.4. Гаалийн ерөнхий газар, түүний дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот, аймаг, орон нутаг дахь гаалийн газар, хороо /цаашид “гаалийн байгууллага” гэх/-ны удирдах албан тушаалтан /цаашид “гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан” гэх/ нь ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, үлгэр дууриал болж манлайлан ажиллана.
1.5. Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.5.1. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүй” гэж гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ дүрмийн 1.3 дахь заалтаар тогтоосон хэм хэмжээний нийлбэр цогцыг;
1.5.2. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчил” гэж гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ дүрмийн 1.3 дахь заалтаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг.
Хоёр. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ
2.1. Ёс зүйн хэм хэмжээ нь гаалийн улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ухамсар, ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэнэ.
2.2. Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурьдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана:
2.1.1. ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх;
2.1.2. төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх;
2.1.3. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ албаны нэр хүндийг дээдлэн хариуцлагатай хандаж, хүнд суртлаас ангид байх;
2.1.4. бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх;
2.1.5. хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх, өртөхгүй байх, /харилцан хамаарал бүхий этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг шалгах, бүрдүүлэлт хийх г.м/;
2.1.6. гаалийн байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг гуйвуулан тайлбарлах, олон нийтэд буруу, ташаа мэдээлэх, эсхүл түүнийг өөрийн санал, санаачилга мэтээр ярихыг цээрлэх;
2.1.7. үүрэгт ажил болон түр хугацаагаар албан тушаал орлон гүйцэтгэх, албан томилолтоор ажиллахдаа албаны мэдээ, мэдээллийг албан бусаар мэдээлэхгүй байх /тараахгүй байх/;
2.1.8. үйлчлүүлэгч хэл амаар доромжлох, илэрхий басамжлах, дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэх, халдлага үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаалийн улсын байцаагч нь /бие, биедээ/ хууль тогтоомжийн хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх, хамгаалах, таслан зогсоох арга хэмжээг авах;
2.1.9. үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;
2.1.10. үйлчлүүлэгчийн зүй ёсны шаардлага, санал, хүсэлт, зөвлөмжийг хүлээн авч шаардлагатай бол хэрэгжүүлэх талаар идэвхи санаачилгатай ажиллах;
2.1.11. ажил, арга хэмжээнд оролцохдоо товлосон цагийг баримтлах;
2.1.12. албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн дариу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх;
2.1.13. албан үүрэгтэй нь холбогдуулан гадаад, дотоодын зочин, төлөөлөгч, иргэн, байгууллагаас өгсөн /албан тушаалынх нь нэг сарын цалин, хөлснөөс дээш төгрөгөөр үнэлэгдэх/ бэлгийг хүлээн авсан даруй харъяалах гаалийн байгууллагын удирдлагад мэдэгдэж, зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлэх.
Гурав. Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
3.1. Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хууль тоггоомжоор хориглосноос гадна дараахь зүйлсийг хориглоно:
3.1.1. бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцох, эрх мэдлээ ашиглан бусдыг басамжлах, нэр төрийг гутаах, дарамт шахалт үзүүлэх;
3.1.2. албан тушаалаа өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, нөлөөлөх;
3.1.3. үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах;
3.1.4. гаалийн хяналт хэрэгжүүлэхээс бусад зорилгоор хилийн боомт, гаалийн хяналтын бүс, татваргүй барааны дэлгүүрт нэвтрэх /зорчигчийн хувьд нэвтрэх үл хамаарна/;
3.1.5. ажлын байранд зохимжгүй маргаан /хэрүүл/ гаргах, зүй бусаар авирлах;
3.1.6. албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох, үйлчлүүлэгчид хувийн чанартай хүсэлт /зээлээр бараа авах, мөнгө зээлэх, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь хэрэглэх, бусдын мөнгөөр гадаадад зорчих, хямд үнээр бараа худалдан авах, үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхийг хүсэх зэрэг/ шууд буюу шууд бус /үйл хөдлөлөөрөө илэрхийлэх, хоёрдмол утгатай үг, яриа хэрэглэх зэрэг/-аар гаргах;
3.1.7. байгууллагын эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах;
3.1.8. албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах.
3.1.9. гаалийн улсын байцаагч олон нийтийн газар танхайрах, харилцан зодолдох;
3.1.10. гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан гаалийн улсын байцаагчийн хувийн эд хөрөнгийг албаны болон хувийн зорилгоор ашиглах, тийм шийдвэр гаргах.
Дөрөв. Дүрмийн биелэлтэд хяналт тавих
4.1. Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаа нь гаалийн улсын байцаагчийн ажлыг дүгнэх, дээд шатны албан тушаалд томилон ажиллуулах, шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, гадаад, дотоодод томилолтоор ажиллуулах, суралцуулах, сахилга, хариуцлага тооцоход харгалзах үзүүлэлт болно.
4.2. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйд дээд шатны болон удирдах албан тушаалтан, гаалийн байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйд Гаалийн ерөнхий газрын удирдлага болон дээд шатны албан тушаалтан тус тус хяналт тавина.
4.3. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаад бусад гаалийн улсын байцаагч хяналт тавих үүрэг хүлээнэ.
4.4. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгааг шалгах, дүгнэх, хянан шийдвэрлэхдээ албан тушаал, гавъяа шагнал, ажилласан жил зэргийг үл харгалзах зарчмыг удирдлага болгоно.
Тав. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, хүлээлгэх хариуцлага
5.1. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг харъяалах бүтцийн нэгжийн даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийн “хяналтын карт”-д тэмдэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл тухайн гаалийн байгууллагын удирдлага /дарга/-ын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
5.2. Гаалийн улсын байцаагч ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт, бодитой мэдээ, мэдээлэлд үндэслэнэ.
5.3. Ёс зүйн зөрчлийг хянан шалгах явцад үйлдэл нь сахилгын, эсхүл захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авна.
5.4. Иргэд, байгууллагаас гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг харъяалах гаалийн байгууллагын удирдлага шалгаж ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргана.
5.5. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу түүнийг шалгахтай холбоотой материалыг уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвхөн албан хэрэгцээнд ашиглана.
5.6. Шаардлагатай гэж үзвэл гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх асуудлыг Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэнэ.
5.7. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, эсхүл 1 жилийн дотор 2 болон түүнээс дээш удаа ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл зөрчлийн шинж, үр дагавар, хор уршиг зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна.