Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Гашуунсухайт боомт нь манай улсын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 54,9 хувийг нэвтрүүлдэг, эрдэс баялгийн экспортын стратегийн өндөр ач холбогдолтой боомт юм. Гашуунсухайт боомтын зам талбайг өргөтгөж шинэчилснээр зэсийн баяжмалын экспортын 2 эгнээ, нүүрсний экспортын 10 эгнээ, импортын 6 эгнээ замтай болж, олон улсын жишигт нийцсэн теле хяналтын систем, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадал бүхий рентген, нүүрс тээврийн хэрэгслээс автоматаар дээж авч, хэмжигдэхүйц химийн элемент агууламжийг тодорхойлох төхөөрөмж, ариутгалын байгууламж, гаалийн лабораторийг ашиглалтад оруулна. Боомтын бүтээн байгуулалтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд боомтоор түргэн шуурхай ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Мөн Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны хэмжээ өсөн нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм.