ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
1. Мэдүүлэх,
2. Гаалийн бичиг баримтыг шалгах,
3. Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
4. Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
5. Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.
“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.
Бараа мэдүүлэх хэлбэр:
1. бичгээр;
2. мэдээллийн сүлжээгээр;
3. зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
4. зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:
Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
· Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
· цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
· мал, амьтан;
· улс хоорондын шуудангийн илгээмж;
· сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
· амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
· донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
· хуульд заасан бусад бараа.
Барааг урьдчилан мэдүүлэх:
Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.
Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
· барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
· барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;
Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.
ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:
Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг.
Авто тээврийн хэрэгслээр:
· авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
· ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
· худалдааны бичиг баримт; /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
Агаарын тээврийн хэрэгслээр:
· тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
· ерөнхий мэдүүлэг;
· зорчигчийн нэрсийн жагсаалт;
· ачааны жагсаалт /карго манифест/;
· ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
· аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
· худалдааны бичиг баримт;
Төмөр замаар:
· дамжуулах хуудас;
· вагон хуудас;
· тээврийн бичиг баримт;
· худалдааны бичиг баримт;
ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА НИЙЛҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ: /INCOTERMS/
Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-ийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм. ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ
“Гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ. Горимыг сонгосноор барааг байршуулах боломж, гаалийн бүрдүүлэлт болон гаалийн шалгалт хийх дараалал, тухайн бараанд төлөх гаалийн татварын хувь хэмжээ, татвартай холбоотой бусад харилцан хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой болдог.
Гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтайгаар барааг улсын хилээр нэвтрүүлэх дараалал, бараа байрших нөхцөл болон түүнийг гаалийн нутаг дэвсгэрт эсвэл түүний гадна ашиглах боломж, горим сонгогчийн эрх үүрэг, тодорхой тохиолдолд тухайн бараа болон түүнийг улсын хилээр нэвтрүүлэх этгээдийн статуст тавих нэмэлт шаардлагыг тус тус тодорхойлдог.
Гаалийн бүрдүүлэлтийн горимын ангилал
– барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
– барааг хилийн чанадад гаргах;
– гаалийн баталгаат бүс;
– барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;
– барааг хүлээн авахаас татгалзах, устгах;
– тусгай горим.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН ТӨРӨЛ:
Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна:
– барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах;
– барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах;
– барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах;
– барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах;
– барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах.
Барааг хилийн чанадад гаргах горим дараахь төрөлтэй байна:
– барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах;
– барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах;
– барааг хилийн чанадад боловсруулах;
– барааг хилийн чанадад буцаан гаргах.
Гаалийн баталгаат бүсийн горим дараахь төрөлтэй байна:
1. Гаалийн баталгаат агуулах
Зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох.
2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар
Зорилго: Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
Зорилго: Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх
4. Гаалийн баталгаат барилгын талбай
Зорилго: Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих
5. Татваргүй барааны дэлгүүр
6. Гаалийн тусгай бүс
Зорилго: Тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх.
Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горим дараахь төрөлтэй байна:
– барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх;
– барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх;
– гаалийн шилжүүлэн ачих.
Тусгай горим дараахь төрөлтэй байна:
– улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
– дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
– улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
– зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
– чөлөөт бүсийн горим.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Зорчигч гэдэг нь:
– Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн
– Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн
Зорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд:
Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/ болно.
Зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэсээ тусдаа явуулсан ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг 2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.
16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг эх эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.
Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.
Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүүлгийг хүлээн авсан үеэс зорчигч гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.
Гаалийн улсын байцаагч зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад албан татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийг дагуу шийдвэрлэнэ.
Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол улсад орсон үеэс гарах хүртэлхи хугацаанд гаалийн хяналтанд байна.
Улсын хилээр нэвтрэх зорчигч нь барааг гаалийн байгууллагад
– АМААР,
– БИЧГЭЭР мэдүүлнэ.
– Зорчигч олон улсын нисэх онгоцны буудалд “Хоёр гарц”-ын аль нэгийг сонгон гаалийн байгууллагад мэдүүлж болно. Ногоон гарцыг сонгон ӨӨРИЙН ҮЙЛДЛЭЭР гаалийн байгууллагад мэдүүлбэл, хориглосон, хязгаарласан болон татвар төлбөл зохих бараа байхгүй болохыг биеэрээ мэдүүлж байгаа хэлбэр болно. Хэрэв улаан гарцыг сонгосон тохиолдолд танд татвар төлөх бараа байгаа гэдгийг үйлдлээр мэдүүлж байгаа хэрэг юм. Зорчигч нь мэдүүлэх хэлбэрийг өөрөө сонгох эрхтэй бөгөөд өөрийн бие, ачаа, тээшинд гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих бараа авч яваа нөхцөлд зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлбэл зохино.
Зорчигч ямар тохилдолд зорчигчиийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх вэ?
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
• Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
• Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
• Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
• 5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол
ШУУДАН ИЛГЭЭМЖ:
“Улс хоорондын шуудангийн илгээмж” гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно. Олон улсын шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх хэлбэр, дарааллыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр тогтоосон байдаг.
Улс хоорондын шуудан илгээмжээр захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг илгээнэ.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх бараа:
• Хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1.0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
• Экспортын татвартай бараа;
• Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа;
Илгэээмжид гаалийн байгууллага түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадад илгээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.
“зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт №2)-аар гаалийн бүрдүүлэлт хийх бараанд: Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараа орно.
Илгээмжийг илгээгчид нь буцаах
• Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
• Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
• Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.
Илгээмжийг олгох
• Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.
Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал