Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2020.01.23/ эхэллээ. Уулзалтад ГЕГ-ын удирдлагын баг, гаалийн газар, хороодын дарга нар нэг дор цуглаж, өнгөрсөн онд хийсэн ажлаа тунгаан ярилцаж, дараагийн жил нэн тэргүүнд хийх ажлаа тодорхойлдог.

Монголын гаалийн байгууллага бусад орнуудын гаалийн байгууллагын адил ДГБ-ын багц стандартыг баримтлан дэвшилтэт  техник, технологид суурилсан ухаалаг гаалийн хяналтыг зохион байгуулах, гаалийн хяналтын цогц шийдлүүдийг нэвтрүүлэхийг чухалчлан үзэж, ажиллаж байна.

Гаалийн төв болон салбар лабораториуд, хилийн боомтуудын цогцолбор, Шуурхай хяналт, удирдлагын төвийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, гаалийн шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн жил болсон юм. 

Гаалийн байгууллага  2019 онд гадаад хамтын ажиллагааны хүрээнд өндөр ач холбогдолтой олон арга хэмжээг Монгол Улсад зохион байгууллаа. БНХАУ, БНСУ-тай "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрсөн, БНХАУ-тай хиллэдэг боомтуудын цогцолборын бүтээн байгуулалтыг өрнүүлж нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Мөн Монгол-Оросын гаалийн байгууллагуудын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг дахин 5 жилээр сунгаж, 2020-2024 оны төлөвлөгөөг байгуулсан. 2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн олон ажлыг цаашид амжилттай үргэлжлүүлэх зорилтийг гаалийн байгууллагын дарга онцлон тэмдэглэв.

Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож үг хэллээ. Тэрээр Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, анх удаа 3,1 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэнд баяр хүргэж Гасгийн газар, Сангийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн гаалийн байгууллагын боомтуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд 2019 онд улсын төсвөөс 65.3 тэрбум төгрөгийг гаалийн шинэчлэлийн ажлыг хийхэд зориулсан. Харин 2020 онд 80 тэрбум төгрөг, нийт 145.3 тэрбум төгрөгийн санхүүжилийг улсын төсвөөс гаалийн шинэчлэлд зориулахаар тусгасан талаар мэдээлэл өглөө. Шинэчлэлийн ажлыг зохион байгуулах тал дээр гаалийн байгууллага сайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглээд амжилт хүслээ.

2020 оныг Монгол Улсын Гаалийн байгууллагаас “ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2020”  жил болгон тодорхойллоо.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 2019 ОНД ТҮҮХЭНД АНХ УДАА 3.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛЛАА

Гаалийн байгууллага 2019 онд улсын төсөвт нийт 2,9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 3.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж 106.9 хувийн гүйцэтгэлтэй  буюу 204.1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажиллажээ.

 2019 онд Гаалийн байгууллага экспортын 544 мянга, импортийн 274 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 98 хувийг цаасгүй технологид шилжүүлжээ.

Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилан үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож чадсанаар нийт 1987 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2,1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6,3 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна

2019 ОН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХЭН ЖИЛ БОЛЛОО

Гаалийн байгууллага Засгийн газраас зарласан “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хилийн боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилэх, боомтуудыг өндөр хүчин чадлын орчин үеийн рентген тоног төхөөрөмжөөр хангах, түүхий эдийн агуулгыг тодорхойлох төхөөрөмжүүд бүхий тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх ухаалаг гарц, олон улсын итгэмжлэл бүхий гаалийн лабораторуудыг шинээр байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүллээ. 2019 онд гаалийн шинэчлэлийн ажлыг улсын төсвөөс 65 .3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Үүнээс 22,1 тэрбум төгрөгийг барилга байгууламж шинээр барих, 2,0 тэрбум төгрөгийг их засвар хийхэд, 14,3 тэрбум төгрөгийг лабораторийн тоног төхөөрөмжид, 26,9 тэрбум төгрөгийг гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжид зарцуулахаар тусгасан. Энэ жил Гаалийн шуурхай удирдлагын төв, Замын-үүд, Гашуунсухайт, Алтанбулаг боомт, гаалийн төв болон салбар лабораториудын барилга угсралтын ажлууд эхэллээ. Түүнчлэн, хар тамхи илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр гаалийн байгууллагыг бүрэн хангах, рентген, телехяналтын систем, ухаалаг гарц, автоматаар дээж авч шинжлэх тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтын ажлууд эхлээд байна.

Гаалийн ерөнхий газрын “Шуурхай удирдлагын төв”-ийн барилга зураг төсөл

Барилга угсралтын ажил  2019 оны 7-р сарын 24-нд эхэлсэн.

 

Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан телехяналтын нэгдсэн систем

ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ШИНЭЧЛЭЛ

Монгол улсын Засгийн газраас улсын хилээр нэвтрүүлж буй уул уурхай, эрдэс бүтээгдэхүүнд тавих гаалийн хяналтыг сайжруулах, олон улсын жишигт хүргэхэд анхаарч, “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн нэг нь гаалийн лабораторын шинэчлэлийн ажил юм. 2019 оны улсын төсвийн 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гаалийн төв болон салбар лабораторийн орчин үеийн барилгыг шинээр барих ажил 2019 оны 9 сард эхэлсэн. Мөн Гаалийн төв  болон салбар лабораторийн тоног төхөөрөмжүүд 2002 онд нийлүүлэгдэж, 17 жил ашиглагдаж, үүнээс хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан юм. Харин энэ жил улсын төсвийн 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гаалийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх худалдан авалтын ажлууд эхлээд байна.

Гаалийн төв лаборатори

Гаалийн төв лабораторийн барилга зоорийн давхартайгаа 8 давхар /1-5 давхарт/ байна. Нийт талбай 3273,77 кв.м байна.

 

Гаалийн салбар лаборатори

 

ДОРНОД АЙМГИЙН БАЯНХОШУУ ХИЛИЙН БООМТОД  БАРИГДАЖ БУЙ ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА 

Барилга угсралтын ажил 2019 оны 08-р сарын 19-нд эхэлсэн,

2020 оны 05-р сарын 15-нд ашиглалтад орно.

Гүйцэтгэл 87 хувьтай байна.

Нэг давхар барилга, 252 кв.м талбайтай. Тоног төхөөрөмж:

  • Эрдсийн шинжилгээний тоног төхөөрөмж
  • Нефтийн бүтээгдэхүүн шинжилгээний тоног төхөөрөмж

ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ

 

Барилга угсралтын ажил 2019 оны 07-р сарын 22-нд эхэлсэн, 2019 оны 12-р сарын 23-нд ашиглалтад орсон байна. Хоёр давхар барилга, 504 кв.м талбайтай. Тоног төхөөрөмж:

  • Эрдийн шинжилгээний тоног төхөөрөмж
  • Нүүрсний шинжилгээний тоног төхөөрөмж
  • Химийн шинжилгээний тоног төхөөрөмж
  • Нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмж

БАЯН-ӨЛГИЙ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЦАГААН НУУР БООМТЫН ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА

 

Барилга угсралтын ажил 2019 оны 06-р сарын 28-нд эхэлсэн, 2019 оны 12-р сарын 18-нд ашиглалтад орсон байна.  Нэг давхар, 252 кв.м талбайтай.

Тоног төхөөрөмж:

  • Нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмж
  • Ноос ноолууран бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмж

САЙНШАНД ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА

 

Барилга угсралтын ажил 2019 оны 08-р сарын 12-ны өдөр эхэлсэн, 2019 оны 12-р сарын 16-нд ашиглалтад орсон байна. Хоёр давхар, 504 кв.м талбайтай.   

Тоног төхөөрөмж:

  • Эрдсийн шинжилгээний тоног төхөөрөмж
  • Нүүрсний шинжилгээний тоног төхөөрөмж
  • Нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмж

ГАШУУН СУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙ САЛБАР ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА

 

Барилга угсралтын ажил 2019 оны 08-р сарын 13-нд эхэлсэн, 2020 оны 06-р сарын 01-ны өдөр ашиглалтад орно. Гүйцэтгэл 30 хувьтай байна. Хоёр давхар, 504 кв.м талбайтай.

 Гүйцэтгэл 30 хувьтай байна.

Тоног төхөөрөмж: 

  • Зэсийн шинжилгээний тоног төхөөрөмж
  • Химийн бодис, бэлдмэл шинжлэх тоног төхөөрөмж

2019 ОНД МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ХАМГИЙН ТОМ БООМТУУДЫН ШИНЭЧЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

 “Замын-Үүд боомтын ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 оны 9-р сарын 12-ны өдөр эхэллээ. Энэ ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 201 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхлүүлж байгаа бөгөөд Замын-Үүд боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдах юм.

Алтанбулаг, Сүхбаатар боомтын ШИНЭЧЛЭЛ

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

АЛТАНБУЛАГ хилийн боомтод 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6,000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7,000 м.кв авто зогсоол, 30,000 м.кв зам талбай барих юм.

Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд нь 2 үе шаттай хийгдэх ба эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг эхлүүллээ. Боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах 2 дахь үе шатны ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, боомтын шинэчлэлийг 2021 онд бүрэн хийж дуусгах юм.

СҮХБААТАР хилийн боомтод 1.7 сая ам.доллар (4.5 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хил, гаалийн байгууллагын 3600м2 талбай бүхий 6 давхар Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барьж байгуулна. Бүтээн байгуулалтын энэхүү ажлыг 2020 оны 10 сард дуусгахаар төлөвлөж байна.

Гашуунсухайт боомтын ШИНЭЧЛЭЛ

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.  Бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *